БАЯНХОНГОР АЙМАГ “АЮУЛГҮЙ ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ САНААЧЛАГА”-Д ДАХИН НЭГДЛЭЭ

22-1.jpg

Хот, суурин газрын эрсдэлийг бууруулах, хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг 2010-2020, 2020-2030 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын эхний үе шатанд дэлхийн 4300 гаруй хот нэгдэн орж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлага, ололт амжилтаа хуваалцан, цаашид гамшгийн улмаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хотуудыг гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн.

Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон билээ.

Тус санаачилгын хоёрдугаар үе шатны нээлтийн ажиллагаа Олон Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр 117 орны 1100 гаруй төлөөлөгчтэйгөөр болж, Монгол улсын хэмжээнд 11 дүгээр сарын 01-ний өдөр “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот санаачлага”-д нэгдэх батламж гардан авах арга хэмжээ Төрийн ордонд болж, аймгуудтай цахим хэлбэрээр холбогдож, 21 аймаг, 9 дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл”-ийн дарга нар батламжаа гардан авлаа.

scroll to top