Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

1111.jpg

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагийн байдлаар дэлхийн 25 оронд шинэ коронавирусийн халдвараар нийт 40,235 хүн өвчилснөөс 909 хүн нас барж, 6484 хүний биеийн байдал хүнд, харин 3283 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Эрүүл мэндийн яамны ирүүлсэн мэдээллээр манай улсад уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч ХӨСҮТ-ийн тусгай тасагт өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Үхань хотоос ирсэн 31 иргэн, албаны 15 хүн буюу нийт 46 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.

Шинэ коронавирусийн сэжигтэй 97 тохиолдол бүртгэгдсэнээс (ХӨСҮТ-д 75, орон нутагт 22) 132 сорьцод шинжилгээ хийхэд уг өвчний вирус илрээгүй, харин 13 хүнээс томуугийн А хүрээний НЗN2 вирус илэрч эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн эмчилж байгаа юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комиссоос гаргасан  2020 оны 01/01 дүгээр зөвлөмжийн дагуу  төрийн золголт болон аймаг, сум дамнасан болон бүх шатны төрийн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээ явуулахыг хориглосон.

Улмаар монгол түмний сар шинийн баяр давхцаж байгаа нь уг өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлж байгаа тул Улсын Онцгой комисс хуралдан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор монгол түмний уламжлалт сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

scroll to top