Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар, шинээр дэлхий нийтэд тархаж байгаа “Коронавирус” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар аймгийн Онцгой комиссын “Хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх шуурхай ажлын хэсэг” хуралдаж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс шуурхай ажлын хэсгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Тагнуулын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Чандмань-Баянхонгор” ХК зэрэг байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгч, ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллаж байна.
Дээрх шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны А/44, А/45 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг баар, караоке, ресторан, зоогийн болон цайны газруудын үйл ажиллагааг 23:00 цаг хүртэл, PC тоглоом болон цахим тоглоомын газрууд болон бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 дүгээр 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.